Ираны Хормузын хоолой хааснаас үүдэн нефтийн үнэ өсч, МИАТ түлшний зардлаа нэмэгдүүлэв

2026-04-06 17:301min
20260406-173029-file.jpeg
Ираны Хормузын хоолойг хааснаас үүдэн нефтийн үнэ огцом өссөн нь МИАТ-ын түлшний зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, тийзний үнийг чиглэлээс хамааран нэмэхэд хүргэжээ.

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэн Иран улс Хормузын хоолойг хааснаар дэлхийн түүхий нефтийн тээврийн 20 орчим хувь дамжих зам хаагдсан нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнийг огцом өсгөжээ. Үүний нөлөөгөөр 2 дугаар сарын 27-нд баррель нь 73 ам.доллар байсан Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 115 ам.долларт хүрсэн байна.

МИАТ ТӨХК-ийн мэдээлснээр, компанийн гол чиглэлүүдийн нэг болох Франкфуртын нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сард тонн тутамд дунджаар 903 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 ам.доллар болж хоёр дахин өсжээ. Мөн онгоцны түлшний судалгаа гаргадаг IATA-ийн мэдээллээр дэлхийн дундаж үнэ өмнө нь 750–800 ам.долларын түвшинд байсан бол одоо 1555.68 ам.долларт хүрсэн байна. Ази тивийн дундаж үнэ 1619 ам.доллар орчим байгаа гэж тооцоолсон байна.

Түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан МИАТ-ын үйл ажиллагааны хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг түлшний зардал 45 хувь хүртэл нэмэгдэх эрсдэл үүсэж, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд хүрчээ.

Олон улсын агаарын тээвэрлэгчид түлшний эрсдэлийн хураамжаа хоёр-гурав дахин нэмэгдүүлсэн гэж мэдээлсэн бөгөөд МИАТ үндсэн тарифыг өөрчлөхгүй ч түлшний эрсдэлийн хураамжийг чиглэлээс хамааран Ази чиглэлд тийзний үнийг 5–7 хувь, Европын чиглэлд 10–11 хувиар нэмэхээр болсон байна.