Улаанбаатар хотын түгжрэлийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байна

Дэлхийн банкны судалгаагаар 2021-2025 оны хооронд Улаанбаатар хотын түгжрэлийн өртөг 8.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж тогтоожээ.
2020 онд Улаанбаатар хотод түгжрэлээс үүдсэн тээврийн зардал 1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2025 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар илрүүлсэн байна.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн нөлөөллийг судалж дүгнэхэд, түгжрэлийн үр ашиггүй байдлаас үүдэн цаг хугацаа, нөөцийн зардал болон бохирдлын зардал огцом өсөж, 2021 онд алдагдсан боломжийн зардал 3.82 их наяд төгрөг буюу 1.245 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцоолжээ.
Энэхүү алдагдсан боломжийн зардал нь Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий 9 хувьтай тэнцэж байна.
Мөн Монгол Улсын тээврийн салбар эдийн засагт шууд нөлөөлөх хандлагатай байгааг холбогдох судалгаанууд баталсан байна.
Хэрэв 2050 он хүртэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй бол замын хөдөлгөөний хурд 2 км/цагт хүрэх төлөвтэй байна.
Энэ нь явган хүний дунджаар алхах хурд болох 4-5 км/цагтай харьцуулахад автомашин зам дээр явган хүнээс бараг хоёр дахин удаан буюу хөдөлгөөн бараг зогссонтэй адил нөхцөл үүсэхийг илэрхийлж байна.
