Нийтийн албан тушаалтан А-гийн үндэслэлгүй хөрөнгийг улсын орлого болгожээ

Нийтийн албан тушаалтан А нь “Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан 45 сая төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул уг хөрөнгийг улсын орлого болгожээ.
Нийтийн албан тушаалтан А Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсгийг зөрчсөн нь мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй ч Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” тохиолдол гардаг.
Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэдэг бөгөөд олон улсын нийтлэг эрх зүйн тогтолцоотой орнуудад хэрэгжүүлдэг байна.
