Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна

2026-04-05 14:301min
20260405-143020-file.jpeg
2026 оны 04-р сарын 05-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 05-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга үүсэх тул үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Хур тунадас ихэнх нутгаар орохгүй ч төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газарт нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур шөнөдөө Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн өмнөд хэсгээр 0…-5 градус, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийд -10…-15 градус хүйтэн байна. Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +17…+22 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -8…-10 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -13…-15 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.