Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км замын засвар эхэллээ
2026-04-03 21:301min

Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км замын засварын ажил БНХАУ-ын Шандун мужийн компаниар гүйцэтгэгдэж, 2027 онд дуусгахаар төлөвлөж байна.
Олон жилийн турш эвдрэлтэй байсан Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн 50 км замын засварын ажил эхэллээ. БНХАУ-ын Шандун мужийн зам гүүрийн компани энэхүү замын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Тус компани өнөөдрөөс хилээр машин техникээ оруулж, тав хоногийн дараа түр зам тавих ажил эхлүүлэхээр бэлтгэж байна гэж Монгол дахь төлөөлөгч М.Мөнх-Очир мэдээлэв.
Энэ онд замын 60-70 хувийг засварлаж, ирэх онд хучилтын ажлыг дуусган 2027 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажилд 157 хятад иргэн оролцох бөгөөд орон нутгаас нэмэлт ажиллах хүч авах юм.
Тус компани дэлхийн 60 гаруй оронд зам гүүрийн бүтээн байгуулалтын туршлагатай аж.
