Туулын хурдны зам усны түвшинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэв

2026-04-03 14:301min
20260403-143031-file.jpeg
Усны инженер Ш.Баранчулуунаас авсан тайлбараар Туулын хурдны зам барих нь голын усны урсгал, түвшинд нөлөөлөхгүй бөгөөд үерийн хамгаалалтын даланг шинээр барих аж.

Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх талаар олон нийтийн дунд эмзэглэл үүссэн байна. Энэ асуудлаар Усны инженер Ш.Баранчулуунаас тодруулга авсан юм.

Тэрбээр Туулын хурдны зам барих нь Туул голын усны урсгалд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг онцлов. Туул голын ус дундаж урсцаар секундэд 25-26 шоо метр урсдаг бөгөөд 1966 оны үерийн үед секундэд 1580 шоо метр ус урссан байна. Үерийн үед усны түвшин өдөрт дунджаар 1 метр 40 см-ээр нэмэгдэж байсан бөгөөд мэргэжилтнүүд 1000 жилд нэг удаа үер болох үед усны түвшин 5 метрээр нэмэгдэхийг судалжээ.

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын явцад үерийн хамгаалалтын даланг шинээр барих бөгөөд энэ далан нь хотод 100 жилээс дээш хугацаанд нэг удаа тохиолдох үерээс хамгаалах зориулалттай юм. Мөн хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр өндөр баригдах аж.

Ш.Баранчулууны хэлснээр, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс үерийн хамгаалалтын даланг хурдны замтай хамт шинэчилж байгааг ойлгох хэрэгтэй юм.

Түүнчлэн Туул голын усны 25 хувь нь Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг бол 70 хувь нь хур тунадасны уснаас бүрддэг байна. Туул голыг хур тунадасны горимтой гол гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог бөгөөд усны түвшин хур тунадасны хэмжээнээс хамаардаг гэж тайлбарлав.

Иймээс Туулын хурдны зам нь голын усны түвшинд нөлөөлөх үндэслэлгүй гэж мэргэжилтэн үзэж байна.