Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө оруулалтын байдал ба өсөлт

2026-04-03 14:001min
20260403-140031-file.jpeg
2024 оноос хэрэгжиж эхэлсэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцооны хүрээнд 2025 онд тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг хуримтлагдаж, хөрөнгө оруулалтаар 32.5 тэрбум төгрөгийн өсөлт бүрдүүлжээ.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврийн нөөц санг байгуулж, даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн байна. 2025 оны байдлаар тус санд 302.7 тэрбум төгрөг хуримтлагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам” батлагдсан бөгөөд энэ журмын дагуу хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах, мөн банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр хөрөнгө оруулах дөрвөн төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар банкны системд нөлөө бүхий дөрвөн арилжааны банктай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15.11 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулсан байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж, 2026 оны гуравдугаар сард 2.7 тэрбум төгрөгийн өгөөж хүлээн авч, сангийн хөрөнгийг өсгөсөн байна.