Зам дээр үхрийг мөргөсөн ослын шүүхийн шийдвэр гарлаа

Зам дээр байсан үхрийг мөргөсөн жолооч Д.Э машинаа засуулахаар, үхсэн үхрийн эзэн Д.Л малынхаа үнийг болон учирсан хохирлыг бие биеэсээ нэхэмжилж, шүүхэд маргалджээ. Машины эзэн 9,184,000 төгрөг, малчин үхрийн үнэ 3,119,700 төгрөг, үхрийн орлого болох 4,200,000 төгрөг, нийт 7,319,700 төгрөг нэхэмжилсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр малчин О.А нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх үүргээ зөрчсөн гэж үзжээ. Тэрээр хориглосон бүсэд малыг хариулгагүй орхисноор бусдад хохирол учруулсан тул жолоочийн нэхсэн бүх мөнгийг малын эзнээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн малын эзний нэхэмжилсэн үхрийн өртөг болох 3,119,700 төгрөгийг жолоочоор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг осолд жолоочийн гэм буруу тогтоогдоогүй тул зам тээврийн ослыг хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж, малын эзэн Д.Л-аас 9,184,000 төгрөг гаргуулж, жолооч Д.Э-д төлөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн жолоочийн гэм буруу тогтоогдоогүй тул малын эзэнд жолооч хохирол төлөх үндэслэлгүй ч үхрийн үнийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн холбогдох заалтуудын дагуу тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзжээ. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг жолооч зөрчсөн болохыг тогтоож, малчин О.А-г Зөрчлийн тухай хуулиар торгож, бүх хохирлыг хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Мөн малыг зам хөндлөн гаргах нь жолоочийн үүрэг, харин малыг засмал замаас 50 метр дотор хариулгагүй орхихгүй байх нь малчны үүрэг болохыг онцолжээ. Иймд жолооч болон малчин тус бүр хохирлыг 50 хувиар хувааж хариуцах шийдвэр гаргаж, жолоочийн төлөх төлбөрийг 4,592,000 төгрөг болгон бууруулсан байна.
