Нийслэлийн засаг даргыг огцруулах өргөдлийг 18,327 иргэн дэмжиж байна

2026-04-01 11:301min
20260401-113022-file.jpeg
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг 18,327 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Өргөдөлд албан тушаалын зөрчил, хүний эрхийн зөрчил, төсвийн үр ашиггүй зарцуулалт зэрэг асуудлуудыг дурдаад байна.

Нийслэлийн засаг даргыг огцруулах өргөдлийг 18,327 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна. Зарим иргэн иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Ерөнхий сайд Н.Учралд хандан нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөл гаргасан байна.

Өргөдөлд дурдсанаар, Х.Нямбаатар албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн зөрчил гаргасан нөхцөлүүд бий гэж үзжээ. Тухайлбал, иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж олон нийтийг турхирсан, төрийн албан хаагчид болон намын гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал хийж иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нөлөөлсөн гэжээ.

Мөн хүний эрхийн зөрчил үйлдэж, иргэд, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилсон, “террорист” гэж нэрлэж, гэрийн хаягийг нь зааж өгч сүрдүүлсэн нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй гэж тэмдэглэжээ.

Төсвийн зарцуулалт үр ашиггүй, ил тод байдал хангалтгүй байгааг мөн шүүмжилсэн байна. 2023-2025 онд нийслэлийн төсвийн зарлага огцом өссөн ч бодит үр нөлөө, хяналт сул байгаа бөгөөд өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхийг шалгах шаардлагатай гэжээ.

Хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь Сэлбэ, Дунд голын урсац доголдсон, нөхөн сэргээлт хийгдээгүй зэрэг байгаль орчны сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

Туул голын дээгүүр хурдны зам барих төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаагүй, байгаль орчны үнэлгээ хангалтгүй хийгдсэн, иргэд эсэргүүцэж байхад хүчээр хэрэгжүүлэхээр зүтгэж байгааг мөн шүүмжилсэн байна.

Иргэдийн оролцоог хангадаггүй, томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдал хангагддаггүй гэж тэмдэглэжээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг өөрийн харьяа байгууллагад албан тушаалд томилж, хяналт тавих бүтэц нь ажиллах боломжгүй болгосон нь эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулсан гэж үзжээ.

Иймд өргөдөл гаргагчид Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна. Өргөдөлд өнөөдөр 08:00 цагийн байдлаар 18,327 иргэн гарын үсэг зурсан байна.