Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо

2026-03-31 12:301min
20260331-123020-file.jpeg
Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын бүтцээ цомхон, бүтээмжтэй байлгах бодлого баримтална гэж мэдэгдлээ. Одоогоор сайд нарын нэрс тодорхой болоогүй байна.

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож, тамгаа гардаж авлаа. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын бүтцээ танилцуулах юм.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцээ цомхон, бүтээмжтэй байлгахад анхаарна гэдгээ илэрхийлсэн байна. Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй ч 17 яам, дөрвөн дэд сайдтай байх хувилбар яригдаж байна.

Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаяр үргэлжлүүлэн ажиллах магадлал өндөр байгаа бөгөөд Үндэсний эвслийг Засагт урьж, Н.Номтойбаяр орж ирэх хувилбар ч байгаа юм.

Шадар сайдаар Х.Ганхуяг, Сангийн сайдаар Г.Тэмүүлэн, Хууль зүйн сайдаар Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням томилогдох магадлалтай байна.

Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэнг улираах эсвэл Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг дахин томилох тухай яригдаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдыг ИЗНН-аас томилох эсвэл сайд асан Б.Бат-Эрдэнийг дахин томилох тухай мэдээлэл байна.

Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэн, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Үүрийнтуяа, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайдаар Ч.Ундрам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ц.Сандаг-Очир, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар томилогдох магадлалтай байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй” гэж мэдэгдсэн бөгөөд эдгээр нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллахыг илэрхийлж байна.