Согтуугаар жолоодсон жолоочийг 400 мянгаар торгож, нэг жилээр эрхийг хаслаа
2026-03-31 09:301min

Баянзүрх дүүрэгт согтуугаар автомашин жолоодож хашлага мөргөсөн 60 настай жолоочийг 400 нэгжээр торгож, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хассан байна.
Баянзүрх дүүргийн Сансарын KFC-ийн баруун талын зогсоолд согтуугаар жолоодож хашлага мөргөсөн явдал энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан байна.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр “Согтуу жолооч хүн алах нь ээ, Цагдаагийн ерөнхий газар арга хэмжээ тооц” гэсэн гарчигтай бичлэг цахим сүлжээнд тарсан юм.
Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, 60 настай эрэгтэй “Э” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон байна.
Анхан шатны тойргийн шүүхээс “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
