Цусны бүтээгдэхүүнийг дроноор агаараар тээвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байна
2026-03-27 20:301min

Цусны сэлбэлт судлалын үндэсний төв дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар шуурхай хүргэж, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна.
Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төв анх 2025 онд дроноор хүргэсэн бөгөөд энэ удаа хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төв өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг ашиглан 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад зориулжээ.
Мөн Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.
