Улаанбаатарт барилга угсралтын зөвшөөрөлгүй ажлыг түр зогсоолоо

2026-03-27 21:301min
20260327-213023-file.jpeg
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилга угсралтын зөвшөөрөл, стандарт, аюулгүй ажиллагааны зөрчлийг шалгаж, “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн зөвшөөрөлгүй ажлыг түр зогсоолоо.

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг үе шаттай шалгаж байна.

Энэ хүрээнд тус газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

“Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн барилга угсралтын ажил эхэлсэн байна. Тус орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцанд доргилт өгсөн, ан цав үүссэн, мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдол ирүүлжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтаар “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь бусад зөвшөөрлөө авсан ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон байна.

Иймд тус компанийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу зөвшөөрөл авах, орчны аюулгүй байдлыг хангах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр хэлэхдээ, Улаанбаатар хотод одоогоор 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажил явагдаж байгаа бөгөөд бүх аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох зөвшөөрөл авч, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөхийг зөвлөж байна гэжээ.