Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг барих ажил хойшилж, тохижилтыг ирэх зургаадугаар сард дуусгана

Сэлбэ голын үерийн хамгаалалтын даланг барих, тохижуулах ажлыг 2026 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Сэлбэ, Дунд гол дагуух үерийн эрсдэлийг тооцоолсон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулж, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд үерийн далан нэмэх, орц, гарц гаргах байршлыг тодорхойлж, үер хаана боогдож байгааг судалсан.
Тодруулбал, Яармагийн шинэ гүүрний орчимд ААН зөвшөөрөлгүй орц, гарц хийснээс ус боогдсон, Шунхлай ШТС орчимд үерийн далан нарийссан, S’Outlet дэлгүүрийн орчимд хоёр талаас барилгуудыг шахаж барьснаас үерийн урсгалын нэг хувийн хангамжийг дийлэхгүй болсон тул даланг өндөр барих шаардлагатай гэж тооцоолсон.
Одоогийн байдлаар үерийн даланг барьж дуусгасан бөгөөд тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард багтаан дуусгаж, иргэдэд алхахад нээлттэй болгохоор ажиллаж байна гэж Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээллээ.
Тус далангийн ажлыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлж, 20.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс энэ онд 220 сая төгрөг зарцуулахаар баталсан байна.
