Химийн хорт бодисыг зөвшөөрөлгүй хадгалсан хэрэгт эрүүгийн хариуцлага тооцжээ

2026-03-26 16:301min
20260326-163030-file.jpeg
Гадаад улсын иргэн химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан хэрэгт холбогдож, шүүхээс торгууль болон эрх хасах ял шийтгэл оногдуулсан талаар Экологийн Цагдаагийн Алба мэдээлэв.

Гадаад улсын иргэн Ч нь нэр бүхий хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө, хайлуур жонш баяжуулах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 735 дугаарт багтдаг нафталин (Naphthalene) төрлийн 26 ширхэг төмөр сав бүхий бодисыг хадгалсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар гадаад улсын иргэн Ч-г 10,000,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 60,000,000 төгрөгөөр тус тус торгож, хуулийн этгээдийн ашигт малтмал баяжуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг анхаарууллаа.