УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох ёсгүй

2026-03-26 14:301min
20260326-143019-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдрийн чуулганы ирц хүрэлцээгүйгээс хуралдааныг хойшлуулж, улс төрийн тоглоом улс орны хөгжлийг сааруулж байгааг анхаарууллаа.

Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц 45.2 хувьтай буюу 57 гишүүн хүрэлцэн ирсэн тул 12:50 цагт хойшлогдсон байна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэхдээ, дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдал хурцдаж, дайн мөргөлдөөн нэмэгдэж, энергийн эх үүсвэрийн хомсдол үүсэж байгааг онцлов. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө түлш, шатахууны үнэ өссөн нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж тэмдэглэв.

Тэрбээр гадаадын банк оруулан ирж зээлийн хүү бууруулах, бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас чөлөөлөх, татварын ачааг бууруулах зэрэг хуулийн төслүүд шийдэл хүлээж байгааг дурдав. Гэвч хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаагүй, хууль хэлэлцээгүй байгааг шүүмжилсэн юм.

Улс төрийн сөрөг хүчин хурал хаях, бойкот хийх эрхийг хүндэтгэж буйгаа илэрхийлсэн ч амьдрал, ард түмэн асуудлаа шийдэхийг шаардаж байгааг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллага хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой бөгөөд парламентын гацаа нь амьдралын гацаа болж байгааг анхаарууллаа.

Мөн Улсын Их Хурлын МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргах шаардлагатайг тэмдэглэн, бүлгийн дарга Ж.Батжаргалд бүлгийн хурлаа зохион байгуулж шийдвэр гаргахыг сануулсан байна. Н.Учрал улс төрийн тоглоом улс орны шоглоом болох ёсгүй, албан тушаал үнэтэй биш, хариуцлага илүү үнэ цэнэтэйг сануулж, улс орон, ард түмэн, улс төрийн нам, хувийн сонирхлын эрэмбийг зөв тогтоохыг гишүүдэд уриаллаа.

Тэрбээр “Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай” хэмээн дүгнэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэв.