Цахим орчинд KFC, Pizza Hut нэртэй залилангийн хэрэг нэмэгджээ

2026-03-25 14:301min
20260325-143021-file.jpeg
Цахим орчинд KFC, Pizza Hut нэрээр зохион байгуулалттай залилан гарч, 302 иргэн 1.1 тэрбум төгрөгийн хохирол амссан талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй хууль бус пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татаж байна. Цагдаагийн байгууллагаас энэ нь зохион байгуулалттай цахим залилан болохыг анхааруулж байна.

Он гарснаас хойш цахим орчинд хямдралтай хоол захиалга нэрээр үйлдэгдэж буй залилангийн улмаас нийт 302 иргэн хохирч, хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тухайлбал, 35 настай эмэгтэй KFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн хэрэг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөн өөр нэг тохиолдолд иргэн “KFC хоол захиалга” гэсэн линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний хоёр өөр банкны данснаас бусдын данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авсан хэрэг бүртгэгджээ. Энэ нь нэг банкны мэдээллээр бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.

Нэмж хэлэхэд, байр худалдан авахаар хуримтлал үүсгээд байсан иргэн хэдхэн минутын дотор 65 сая төгрөгөө алдаж, хохирсон тохиолдол гарсан байна. Хуурамч пэйжүүд KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг сэжигтэй линкээр нэвтрүүлдэг байна.

Иргэдэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг сайтар шалгаж, сэжигтэй линк болон хэт хямд саналд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Түүнчлэн банкны нууц мэдээлэл болон баталгаажуулах кодыг ямар ч нөхцөлд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм. Албан ёсны үйлчилгээ үзүүлэгчид захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл нь санхүүгийн ноцтой хохиролд хүргэж болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.