Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан бөгөөд өнөөдөр энэ өдрийг ес дэх жилдээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтарсан хичээл, сургалт явуулж байна.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаарах бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг илэрхийлж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь улсын нутаг дэвсгэрт болсон бөгөөд үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.
Иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ сайжруулж, анхан шатны сургалт, дадлагад идэвхтэй оролцохыг уриалж байна.
