Ойрх Дорнодын хурцадмал байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба арга хэмжээ

2026-03-25 09:301min
5 (1)
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, экспортын байдал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2026 оны 3 дугаар сарын 24-нд Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Сайд Ж.Энхбаярын мэдээлснээр, энэ нөхцөл байдал нь манай улсын БНХАУ, ОХУ-тай хийх эдийн засгийн харилцаанд шууд нөлөөлөх эрсдэл өндөр байгааг онцолсон байна. Тэрбээр гол бүтээгдэхүүнүүдээр жишээ авч тайлбарласан юм.

Ойрх Дорнодын бүс нутгийн орнуудтай хийх эдийн засгийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага гэж сайд тэмдэглэв. Монгол Улс тус бүс рүү 60 сая ам.долларын мах экспортолдог бөгөөд гол зах зээл нь Иран, Катар улс юм. Экспортыг тогтвортой байлгах, бусад бүс нутагт шилжүүлэх арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна. Мөн Монгол малын махны нэр хүнд тус бүс нутагт сайн бөгөөд эрэлт өндөр байгаа тул эрсдэл гарахгүй гэж тооцоолж байна.

Мөн Монгол Улс Ойрх Дорнод руу 64 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд энэ нь нийт экспортын 0.42 хувийг эзэлдэг байна. Харин тус бүс нутгаас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 8.8 сая ам.доллар бөгөөд эдгээр нь манай эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хязгаарлагдмал байлгаж байна гэж Ж.Энхбаяр сайд мэдээллээ.