Хүүхдийг цахим эрсдэлээс хамгаалах сургалтын багц модуль боловсруулагдлаа

2026-03-24 21:301min
20260324-213047-file.jpeg
НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, ТЭСО Групп хамтран "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" төслийг хэрэгжүүлж, хүүхэд, эцэг эх, багш нарт зориулсан цахим аюулгүй байдлын сургалтын багц модуль боловсрууллаа.

Интернэт орчин нь хүүхэд, залууст суралцах, харилцах, бүтээлчээр хөгжих боломжийг олгодог ч тэдний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд хүүхдийг цахим орчинд хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудад нэмэгдүүлэх нь чухал асуудал болжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, ТЭСО Группийн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийн үр дүнг танилцуулах, сургалтын багц модулийг олон нийтэд түгээх арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 24-нд зохион байгуулагдлаа.

Төслийн гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварт сургах, мөн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд цахим хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс хамгаалах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн юм.

Төслийн хүрээнд хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудад зориулсан 23 хичээл бүхий 5 багц сургалтын модуль, гарын авлага, хичээл тус бүрийн бататгах видео контентыг боловсруулсан бөгөөд эдгээр материалыг ерөнхий боловсролын сургуулиудад түгээхээс гадна e.kids.mn, e-Mongolia, medle.mn болон IPTV-ийн видео сангуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүргийн 15 сургуулийн 30 багш, нийгмийн ажилтныг танхимын сургалтад хамруулж, улсын хэмжээнд ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулийн 745 багшийг цахим сургалтад хамруулжээ. 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 1,598 багш, ажилтан, 1,941 эцэг эх, 31,941 хүүхэд уг сургалтад оролцсон нь төслийн үр нөлөөг харуулж байна.

ТЭСО Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, хүүхэд хамгаалал, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд тогтмол санаачилга гарган ажилладаг бөгөөд энэхүү төсөлд хамтран ажилласнаар хүүхдийг цахим эрсдэлээс хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Арга хэмжээнд төслийг дэмжигч байгууллагууд, бэлтгэгдсэн сургагч багш нар оролцсон бөгөөд ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга А.Лувсан-Очир, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел нар төслийн ач холбогдол, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн И-Монгол академи, Юнивишн ХХК, Мобинет ХХК, Скаймедиа ХХК-ийн төлөөлөл оролцож, цахим орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдлыг онцлов.

Энэхүү төсөл нь хүүхдийг цахим орчинд аюулгүй, зөв хэрэглээтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжих суурийг бүрдүүлсэн юм.