2026 оны эхний хоёр сард залилангийн гэмт хэрэг 25.7 хувиар өсжээ

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 2026 оны эхний хоёр сард улсын хэмжээнд нийт 10,267 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 37.4 хувь буюу 3,844 нь залилах төрлийн гэмт хэрэг бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн 85.7 хувийг залилан эзэлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, “KFC”, “Pizza Hut” сүлжээ хоолны газруудын нэр, логог ашиглан иргэдийг залилж байгаа тохиолдол нэмэгдэж байна.
Он гарснаас хойш энэ төрлийн залиланд 249 иргэн өртөж, нийт 623 сая гаруй төгрөгийн хохирол амссан байна. Залилагчид албан ёсны лого, нэрийг ашиглан хуурамч захиалгын сайт үүсгэж, төлбөрөө цахимаар хийхийг шаардах замаар иргэдийн банкны мэдээллийг хулгайлан, данснаас мөнгийг нь шилжүүлэн авдаг байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг албан ёсны бус холбоосоор нэвтэрч банкны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.
