Тээврийн прокурорын газар дугаарын хязгаарлалтыг зөрчсөн торгуулийг хүчингүй болгожээ

Тээврийн прокурорын газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг хянан шалгасан байна. Тухайн өдөр дугаарын хязгаарлалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон 579 тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгосон байжээ. Дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 тоот захирамжаар тогтоосон юм.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тогтоосон бүсчлэлд хяналтын камерын системийн алдаанаас үүдэн 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр захирамжид заасан бүсчлэлээс гадуур явсан, 1 болон 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг торгосон нь илэрчээ. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн үйлдэл юм. Иймд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд уг торгуулийг хүчингүй болгуулахаар Тээврийн прокурорын газар хандсан байна.
Шүүх прокурорын дүгнэлтэд үндэслэн торгуулийг хүчингүй болгож, ингэснээр 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, торгуулийг шийтгэлийн сангаас устгуулжээ.
