Өмнөд Солонгосын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан гал түймэрт 14 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан гал түймэрт 14 хүн амиа алдаж, 60 орчим хүн гэмтжээ.
Тэжон хотод байрлах тус үйлдвэрийн гурван давхар барилга шатаж, нуранги үүссэнээс сураггүй болсон бүх хүмүүсийн цогцсыг олж илрүүлсэн байна.
Гал түймэр хурдан тархсанаас ажилчдын зарим нь цонхоор үсэрч, гэмтсэн аж.
Баасан гарагийн үдээс хойш гарсан гал түймэрт тухайн үед 170 орчим ажилчин байсан бөгөөд Бямба гарагийн үдээс хойш галыг бүрэн унтраасан байна.
Барилга нурах аюултай, мөн натри гэх дэлбэрэх эрсдэлтэй химийн бодис их хэмжээгээр хадгалагдаж байсан тул гал унтраах ажиллагаа удааширсан юм.
Галыг унтраахад 500 гаруй гал сөнөөгч, цагдаа, онцгой байдлын албан хаагчид оролцож, хоёр гал сөнөөгч робот ашигласан байна.
Гэмтсэн хүмүүсийн зарим нь угаартсан, зарим нь цонхоор үсрэх үедээ бэртсэн бөгөөд амиа алдсан 14 хүний есийнх нь цогцсыг гуравдугаар давхрын биеийн тамирын хувцас солих өрөөнөөс олжээ.
Цогцсуудын зарим нь түлэгдсэн тул таниулахад ДНХ шинжилгээ хийхээр болсон байна.
Албаныхан гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд нэг гэрч гал гарахаас өмнө дэлбэрэлтийн дуу сонссон гэж мэдүүлжээ.
2024 онд Сөүлийн ойролцоо литийн батарейн үйлдвэрт гарсан гал түймэрт 23 хүн амиа алдсан бөгөөд энэ удаагийн осол түүнээс хойших хамгийн их хохиролтой үйлдвэрийн гал болсон байна.
Сая шатсан үйлдвэр нь Hyundai, Kia болон бусад автомашин үйлдвэрлэгчдэд хөдөлгүүрийн хавхлага нийлүүлдэг Anjun Industrial компанийн эзэмшил юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Сон Жү Хван аюулгүй байдлын стандартыг сайжруулах талаар эрх баригчидтай хамтран ажиллахыг амлажээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн ажилчдын аюулгүй байдлыг сайжруулахыг холбогдох талуудад уриалсан байна.
