Бие даалтын долоо хоног ирэх даваа гарагт эхэлнэ

Боловсролын сайдын 2025 оны А/95 дугаар тушаалын дагуу хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулдаг.
I улирлын бие даалтын долоо хоног өнгөрсөн аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд явагдсан бол II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт энэ сарын 23-27-ны хооронд, нийслэлд энэ сарын 30-наас ирэх сарын 3 хүртэл зохион байгуулагдана.
Эдгээр өдрүүдэд танхимаар хичээллэхгүй бөгөөд суралцагчдыг гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар эзэмших, аюулгүй амьдрах дадалд суралцахад чиглэнэ.
Боловсролын ерөнхий газраас сургуулийн захиргаанд үйл ажиллагааны чиглэл хүргүүлж, сургуулийн удирдлага болон хүүхэд хамгааллын баг орон нутгийн онцлог, байршилд тохирсон эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн зарим сургууль урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдэд музей үзүүлэхээр төлөвлөсөн байна.
