Лабубу хүүхэлдэй удахгүй кино болно

Алдарт Лабубу хүүхэлдэй удахгүй өөрийн гэсэн кинотой болох гэж байна. Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компани болон “Sony Pictures” хамтран уг киног бүтээж байгаа бөгөөд одоогоор хөгжүүлэлтийн эхэн шатанд байна. Киноны найруулагчаар “Wonka”, “Paddington” зэрэг бүтээлээрээ танигдсан Пол Кинг ажиллаж байна.
“Pop Mart” компани Лабубу хүүхэлдэйг дэлхий дахинд танилцуулж эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Лабубу хүүхэлдэйн 10 жилийн ойн хүрээнд дэлхийн олон улсад үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 18-нд Парист болсон арга хэмжээний үеэр киноны талаарх мэдэгдлийг хийсэн байна.
Лабубу хүүхэлдэй сүүлийн үед дэлхий дахинд трэнд болж, “Pop Mart” компанийн зах зээлийн үнэлгээ 40 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ингэснээр барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel”-ыг ард үлдээжээ.
Лабубу хүүхэлдэйтэй холбоотой сонирхол зөвхөн тоглоомын дэлгүүрээр хязгаарлагдахгүй бөгөөд “Pop Mart” компани Бээжинд Лабубу хүүхэлдэйн сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн нээсэн байна. Тэдний дараагийн алхам нь кино зах зээлд орох явдал юм.
Лабубу хүүхэлдэй нь “Pop Mart”-ын хамгийн алдартай тоглоом бөгөөд хэрэглэгчид “blind box” буюу дотор нь ямар хүүхэлдэй байгааг мэдэлгүйгээр худалдан авдаг нь тус компанийн борлуулалтын амжилтын нэг арга юм. Мөн Лиса, Рианна зэрэг дэлхийн хэмжээний одод Лабубу хүүхэлдэйг цүнхнээсээ зүүсэн нь тоглоомын нэр хүндийг нэмэгдүүлсэн байна.
Хонгконгийн уран бүтээлч Касин Лун 10 гаруй жилийн өмнө Нордикийн домгоос сэдэвлэн ойн эльфийн дүр бүхий Лабубу хүүхэлдэйг зохион бүтээжээ. Тэрээр “Мангасууд” гэх цуврал номонд Лабубу хүүхэлдэйг дүрсэлсэн байна.
