1921 онд Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн тухай анхны цахилгаан мэдээ

1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн тухай мэдээг дэлхий дахинд цацжээ.
“Монголчуудын бослого” нэртэй энэхүү мэдээг Оросын мэдээллийн агентлаг РОСТА “МОНТА мэдээлэв” хэмээн дамжуулсан бөгөөд энэ нь Ардын журамт цэргийн Хиагтыг чөлөөлсөн анхны томоохон ялалтын тухай байв.
Энэхүү мэдээ нь Монгол Улсаас гадаад улсад дамжуулсан анхны цахилгаан мэдээ бөгөөд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээний эх сурвалж гэж түүхэнд тэмдэглэгддэг.
“Монголчуудын бослого” мэдээг жанжин Д.Сүхбаатарын даалгавраар тухайн үеийн зөвлөх-сургагч Оросын иргэн И.Г.Демко бичиж, “Дальта” руу уламжилсан байна.
И.Г.Демко 1921 оны гуравдугаар сард Монгол Ардын Хувьсгалт Армийн Улс төрийн газрын даргын дэргэд зөвлөх-сургагч, мөн Монголын цахилгаан мэдээний агентлаг болох МОНТА-ийн эрхлэгчээр ажиллаж байжээ.
Тэрбээр гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол Ардын Намын Төв хороо болон Монгол Ардын Хувьсгалт Түр Засгийн газар газар нутгийн тодорхой хэсгийг өөрийн мэдэлд авсны дараа Москва руу РОСТА агентлагийн нэрээр мэдээг илгээсэн гэж дурссан байна.
