Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-03-18 20:301min
20260318-203049-file.jpeg
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, олон эх үүсвэртэй тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу даатгуулагчид шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэй уялдсан тэтгэвэр авах буюу нэг эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байна гэж заасан.

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаас үзэхэд, зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр нь иргэдийн ирээдүйн амьжиргааны зардлыг бүрэн хангах боломжгүй байна.

Олон улсын жишгээр ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг.

Мөн хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагчид нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд юм.

2023 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 46 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө эзэлж байна.

Олон улсын валютын сангаас 2025 онд хийсэн “Тэтгэврийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээлийн хөгжил” судалгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэтгэврийн сангийн хөрөнгийн 1.0 хувийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг 1.9-2.1 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Хүн амын насжилтын өсөлт, тэтгэвэр авах хугацааны уртасгалтай холбоотойгоор тэтгэврийн зардлыг хуваалцах, тэтгэврийн хэмжээг буурахаас сэргийлэх, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц тэтгэвэр олгох нь төрийн өмнө тулгамдаж буй асуудал юм.

Мөн иргэд хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дураар хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий гэж үзжээ.

Иймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжин өргөн мэдүүлсэн байна.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын тогтолцоо бөгөөд үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн бие даасан, найдвартай, өвлөгдөх зарчимд суурилсан байна.

Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Мөн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх аж.

Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож нэг удаа, тодорхой хугацаанд, насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно.

Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан тохиолдолд хуримтлалаа өвлүүлэх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.