Богдхан ууланд газар олгосон албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Богдхан уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлаар холбогдох албан тушаалтнуудын хэргийг прокурор шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Г.Ж болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан М.Д, Т.Т нар албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байна.
Тэд нэр бүхий компанийн хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 м² газрыг ашиглуулах нөхцөлийг бүрдүүлж, тухайн компанид давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.
Прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
