Нийслэлд удаашралтай сургууль, цэцэрлэгийн барилгыг эрчимжүүлэхээр болжээ

2026-03-17 13:001min
20260317-130027-file.jpeg
Нийслэлийн боловсролын салбарт 2018 оноос хойш удаашралтай байгаа 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. 2026, 2027 онд барилгын төслүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшингийн мэдээлснээр, 2026 онд нийслэлийн боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ оны эхнээс 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал зэрэг нийт 9 барилга ашиглалтад оржээ.

2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд сүүлийн гурван жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийт 12 барилгыг ашиглалтад оруулсан байна.

Одоогоор удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө санхүүгийн асуудалтай байгаа гэж Нийслэлийн Боловсролын Газрын дарга онцолсон.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр 2026, 2027 онуудад барьж эхэлсэн бүх сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж дуусгах үүрэг өгсөн байна.

Мөн 2020-2024 онд нийслэлд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар, 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27,658-аар, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр тус тус нэмэгдсэн байна.

Түүнчлэн 2025 онд Улаанбаатар хотод 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал зэрэг нийт 35 барилга ашиглалтад орж, ойролцоогоор 10 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжтой болохыг мэдээлжээ.