Милан Кортина 2026 өвлийн паралимпын наадам өндөрлөв

2026-03-16 21:311min
20260316-213113-file.jpeg
Италийн Милан, Кортина хотод зохион байгуулагдсан “Милан Кортина 2026” өвлийн паралимпын наадам 56 орны 600 гаруй тамирчны оролцоотойгоор өндөрлөлөө. БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлсэн байна.

“Милан Кортина 2026” өвлийн паралимпын наадам Италийн Милан болон Кортина хотуудад зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг пара тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн наадамд 56 орны 600 гаруй тамирчин зургаан спортын төрлөөр медалийн төлөө өрсөлдөж, өвлийн паралимпын түүхэнд хамгийн өргөн оролцоотой наадмын нэг болж өндөрлөв.

Наадмын хаалтын ёслол Кортина хот дахь Кёрлингийн ордонд боллоо.

Монголын тамирчдаас ОУХМ Ц.Дашдорж гүйлтийн цанын босоо төрлийн ойрын зайн цуваа гараатай уралдаанд 22 дугаар байр, 10 километрийн дундын зайд мөн 22 дугаар байр, 20 километрийн зайд 26 дугаар байранд тус тус орсон.

ОУХМ Б.Цэрэнпунцаг пара уулын цанын жиант слаломын төрөлд анх удаа оролцож, хоёр гарааны нийлбэр дүнгээр 30 дугаар байр эзэлжээ.

Медалийн нэгдсэн хүснэгтийг БНХАУ 15 алт, 12 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол АНУ 13 алт, 8 мөнгө, 3 хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт, Орос улс 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар гуравдугаар байрт орсон байна.

Украин, Франц, Канад зэрэг орнууд медалийн эхний байруудад багтсан бөгөөд зохион байгуулагч Итали улс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар эхний тавд оржээ.

Наадмын үеэр АНУ-ын пара мөсөн хоккейн шигшээ баг Канадын багийг 6:2 харьцаагаар хожиж, тав дахь удаагаа дараалан алтан медаль хүртсэн нь онцлог байв.

Энэ удаагийн наадам өвлийн паралимпын 50 жилийн ойтой давхцаж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортын хөгжлийг дэлхийд дахин таниулсан томоохон үйл явдал болов.

Спортын шинжээчдийн үзэж буйгаар паралимпын хөдөлгөөн жилээс жилд өргөжин тэлж, илүү олон улс, тамирчид оролцох болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмд идэвхтэй оролцуулахад чухал нөлөө үзүүлж байна.