Хуур Music Festival 10 жилийн ойгоо тэмдэглэн хоёр өдрийн camping форматтай болно

Монголын орчин үеийн хөгжмийн нэр хүндтэй наадам Хуур Music Festival (XMF) энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж, хүрээгээ өргөжүүлэн зохион байгуулах гэж байна.
2017 оноос эхлэн жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнд амьд хөгжмийн хөтөлбөртэй зохион байгуулагдаж ирсэн XMF нь Монголын хөгжмийн салбарын чухал арга хэмжээнүүдийн нэг болжээ.
2026 оноос эхлэн наадам байршлаа Гачуурт дахь Монгол Шилтгээн рүү шилжүүлж, задгай талбайн camping format-аар бүтэн хоёр өдрийн турш үргэлжлэх олон улсын хэмжээний хөгжмийн наадам болох юм.
XMF 2026 наадам 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монголын рок, поп, альтернатив болон орчин үеийн хөгжмийн тэргүүлэгч уран бүтээлчид болох The HU, Хурд, Харанга, Никитон, Нисванис зэрэг хамтлагууд оролцоно.
Мөн олон улсын уран бүтээлчдээс ОХУ-аас AIGEL, Казакстанаас Yenlik, Akha, БНХАУ-аас Nine Treasures нар урилгаар оролцохоор төлөвлөгдсөн байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Хуур Music Festival ирэх таван жил Монгол Шилтгээнд тогтвортой зохион байгуулагдаж, жил бүр чанар, цар хүрээгээ нэмэгдүүлэн олон улсын түвшний фестиваль болгох зорилготой аж.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт амьд хөгжмийн тоглолтоос гадна соёл, энтертайнмент, чөлөөт цагийн олон төрлийн үйл ажиллагаа багтсан бөгөөд үзэгчдийн тав тухыг хангах үүднээс дэд бүтэц, тээвэр, camping болон амарч байрлах хэсгүүдийг тохижуулж байна.
Наадмын дэд хөтөлбөр болон нэмэлт мэдээллийг XMF-ийн албан ёсны сувгуудаар удахгүй танилцуулах юм.
Хуур Music Festival нь Монголын уран бүтээлчдийг дэмжиж, орчин үеийн хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэвээр үргэлжлэх болно.
