Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 23 жилд 19.5 хувиар багасжээ

Цамбагарав уулын мөстөл, мөсөн голын талбай 2002-2024 оны хооронд 19.5 хувиар багассан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Хиймэл дагуулын мэдээллээр 2002 онд мөстөл, мөсөн голын талбай 73.5 км2 байсан бол 2024 онд 59.2 км2 болж буурсан байна.
Цамбагарав уул нь Монгол Алтайн нуруунд байрлах 42 уулсын нэг бөгөөд Баян-Өлгий, Ховд аймгийн заагт оршдог. Далайн түвшнээс 4,208 метр өндөртэй бөгөөд Монголын дөрөв дэх өндөр уул юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багасч байгаа бөгөөд энэ нь өндөр уулын мөнх цас, мөсөн голын хайлалт ихэссэнтэй холбоотой юм. Ийм нөхцөлд гол, мөрний урсгал багасаж, гол дагасан орон нутгийн иргэдийн амьжиргаа, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна.
