Баянзүрх дүүргийн албан хаагчдад олгосон 30 сая төгрөгийн урамшууллын талаар тайлбар өглөө

2026-03-16 17:031min
20260316-170312-file.jpeg
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 21 албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах гэрээний үндсэн дээр байрны урьдчилгаа болон урамшуулал олгосон талаар тайлбар хийв. Жагсаалд оролцсон иргэдэд тусламж олгосон тухай мэдээлэл ташаа гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Яармаг дахь Хангарди ордны гадна болсон жагсаалд Баянзүрх дүүргийн 21 албан хаагч тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулж, байрны урьдчилгаа болон урамшуулал хэлбэрээр нийт 30 сая төгрөгийн дэмжлэг авсан талаар мэдээлэл гарсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан энэ мэдээллийг ташаа гэж мэдэгдэж, жагсаалд оролцсон иргэд, ИТХ-ын төлөөлөгч нарт 30 сая төгрөгийн тэтгэмж олгосон асуудал байхгүй гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн орон сууцны урьдчилгаа болон нийгмийн баталгааны хүрээнд тодорхой албан хаагчдад олгож байгаа 30 сая төгрөгийн урамшуулал нь зөвхөн тогтвор суурьшилтай ажиллах гэрээтэй холбоотой бөгөөд нийт 21 албан хаагчид хамаарахыг тайлбарлав.

Энэхүү нийгмийн баталгаа, урамшууллын хөтөлбөр нь зөвхөн Баянзүрх дүүрэгт бус, нийслэл болон бусад төрийн байгууллагуудад ч хэрэгждэг бөгөөд сүүлийн хоёр жилд нийслэлд долоон орчим тэрбум төгрөгийн зардал гарсан байна.

Мөн дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 20 сая төгрөгийн тусламж олгосон гурван иргэний талаар мэдээлэл өглөө. Үүнд ахуйн газ дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн түлэгдсэн, нэг иргэн бэртлийн улмаас эмчилгээ шаардлагатай болсон, мөн Усан спорт сургалтын төвд ажилладаг иргэний хүүхэд эмчилгээ шаардлагатай нөхцөлд байгаа зэрэг тохиолдлууд багтжээ.

Олгосон тусламж нь ирсэн өргөдөл, гомдол, нотлох баримт, эмнэлгийн онош, дүгнэлтэд үндэслэсэн бөгөөд бичиг баримтууд бүрэн байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга онцлов.