Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгч эхэллээ

2026-03-16 16:031min
20260316-160302-file.jpeg
Гадаадын иргэн, харьяатын газрын хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч, 24 цагийн турш үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэхүү чатбот нь өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол 2024 оны гуравдугаар сард нэмэлт хөгжүүлэлт хийгдэж, бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой болсон байна.

Ингэснээр гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан шуурхай авах боломжтой болжээ.

Мөн зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 дугаарт холбогдох үед ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох бөгөөд ажлын өдрүүдэд 08:15-16:00 цагийн хооронд зөвлөгөө, мэдээлэл өгдөг байна. Ажлын бус цагаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn цахим сайт болон AI чатботоор хандах боломжтой юм.