Өвөрхангайд хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд тэнсэх ял оноожээ

Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг мод, нийт 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр гэмт хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон байна.
Экологийн цагдаагийн албанаас иргэдийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэл өгч, хамтран ажиллахыг уриалж байна.
