Мөрөн сумын өрхүүдийг төвлөрсөн дулааны шугамд үе шаттай холбох төслийг эхлүүлнэ

2026-03-13 19:301min
20260313-193028-file.jpeg
Мөрөн сумын өрхүүдийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах төслийн баг байгуулагдаж, 5 дугаар сарын 1-нээс ажил эхлэхээр төлөвлөжээ.

Аймгийн Засаг даргын шийдвэрээр Барилга захиалагчийн төвийн дэргэд Мөрөн сумын өрхүүдийг дулааны нэгдсэн шугам сүлжээнд үе шаттайгаар холбох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төслийн баг байгуулан ажиллаж байна.

Төслийн баг нь төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлын бэлтгэл хангах, техникийн болон зохион байгуулалтын шийдлийг тодорхойлох, шаардлагатай судалгаа, тооцоолол хийх, иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар өрхүүдийг дулааны шугам сүлжээнд холбох боломж, хүчин чадал, дэд бүтцийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, холболтын техникийн шийдэл боловсруулах ажил хийгдэж байна.

Төслийн баг нь аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шаттай төлөвлөгөөг танилцуулж, ажлыг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр өрхүүд төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.