Фэйсбүүкээр сүрдүүлж мөнгө нэхсэн этгээдэд торгууль ногдуулжээ

2026-03-13 11:301min
20260313-113030-file.jpeg
Д.Б фэйсбүүкээр харилцсан зурвасаа тараах аюул заналхийлэл үзүүлэн 2,000,000 төгрөг нэхсэн гэмт хэрэгт буруутгагдан 1,000,000 төгрөгөөр торгуулжээ.

Д.Б гэх этгээд фэйсбүүкээр харилцсан зурвасуудаа олон нийтэд тараах, гэр бүлийнхэнд нь илгээхээр сүрдүүлэн 2,000,000 төгрөг шилжүүлэхийг шаардсан байна. Энэ үйлдэл нь хүний хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тооцогджээ.

Хохирогч О нь фэйсбүүкээр үл таних хүнээс найзын хүсэлт хүлээн авч, зурвас бичсэнд зөвшөөрсөн байна. Зураг, бичлэгийг үзсэний дараа уулзах санал тавьсан ч татгалзсан. Дараа нь Д.Б зурвасуудынхаа дэлгэцийн агшинг илгээж, мөнгө өгөхгүй бол ар гэр, найз нөхөд рүү нь илгээхээр сүрдүүлж, 2,000,000 төгрөг шилжүүлэхийг шаардсан байна.

Хохирогч мөн найз нөхөд, гэр бүлийнхнийхээ фэйсбүүк хаягийг илгээж, харилцсан зурвасын зургуудыг илгээсэн тул шаардсан мөнгийг шилжүүлсэн бөгөөд дахин мөнгө нэхсэн тул цагдаагийн байгууллагад ханджээ.

Мөрдөн байцаалтын явцад Д.Б өөр нэг хохирогчоос ижил аргаараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Шүүх Д.Б-г бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Д.Б-г 1,000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Иргэдэд цахим хаягийн аюулгүй байдлаа хангаж, үл таних хүний найзын хүсэлтийг хүлээж авахгүй байх, авах тохиолдолд сайтар шалгаж, харилцан зурвас бичихдээ эрсдэлийг тооцож, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулах баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл ногдуулна.