Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчихыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдолд аврах зардлыг төлнө

2026-03-12 16:401min
20260312-164027-file.jpeg
Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчихыг хориглосон шийдвэрийг зөрчиж осолдсон иргэд аврах ажиллагааны зардлыг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд Онцгой байдлын байгууллага урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 02 дугаар сарын 05-ны 27 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байна.

Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар, мөн Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар мөсөн замын тээврийг хориглосон.

Эдгээр хориглосон шийдвэрийг зөрчиж мөсөн дээгүүр зорчсон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсон тохиолдол бүртгэгдсээр байна. Он гарсаар буюу 2026 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар Хөвсгөл аймагт мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1, 3, 7 дахь заалтуудаар гамшгаас хамгаалах байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах, мөн шийдвэрийг зөрчсөн тохиолдолд аврах ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй 3 ослын тохиолдол бүртгэгдэж, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авч байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дүгээр зүйлд гамшгаас хамгаалах үүргээ биелүүлээгүй иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулахыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлээр зохицуулдаг бөгөөд төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулдаг.

Иймд иргэд, тээвэрчид мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр, арга хэмжээ болон тэмдэглэлт ой зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.