Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам баталлаа

2026-03-12 11:301min
20260312-113028-file.jpeg
Засгийн газар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөх, борлуулах журмыг баталж, төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, эмч, багш нарын квотыг 20 хувь байхаар тогтоолоо.

Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний ээлжит хуралдаанаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөх, борлуулах журмыг баталлаа.

Энэхүү журам нь төрийн өмчийн орон сууцыг хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, зээлийн гэрээтэй холбоотой хөлслөгчдэд тавигдах ерөнхий шаардлага, квот болон шалгуур, хөлслөх үнийг тооцох, орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах харилцааг нэгтгэн зохицуулсан байна.

Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид болох эмч, багш нарын квотыг 20 хувь байхаар тогтоосон.

Бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдэд зориулан банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндэслэлийг журамд тусгасан байна.

Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцүүлэн тооцох аргачлалыг журамд оруулжээ.