Цахим орчинд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төсөл Засгийн газарт танилцуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанд Боловсролын сайд П.Наранбаяр үе тэнгийн дээрэлхэлт болон Цахим орчинд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээлэв. Тус хуулийн төслийг дөрвөн яаманд хүргүүлж, санал авсан байна.
Сайд П.Наранбаярын хэлснээр, “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг УИХ-д өргөн барина. Одоогоор интернэт хэрэглэгчдийн нэг гуравны нэг нь 18-аас доош насныхан бөгөөд ковидын дараа хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдсэн. ДЭМБ-ын судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахимын зохисгүй хэрэглээний хор уршгийг амсаж байна” гэжээ.
Мөн 10-18 насны 1129 хүүхдэд судалгаа хийхэд 46 хувь нь нийгмийн сүлжээнд өдөрт 4 цагийг өнгөрүүлдэг бол 30 хувь нь 4 ба түүнээс дээш цагийг зарцуулдаг болох нь тогтоогджээ. Эцэг эхчүүдийн хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналт сул байгааг онцлов.
Энэхүү хууль нь анхдагч бөгөөд 5 бүлэг, 46 заалттай цомхон бүтэцтэй юм. Хуулинд насны хязгаартай хэрэглэгч гэдэг ойлголтыг оруулж, 16 хүртэлх насны хүүхдийг хамруулах бөгөөд насны хязгаартай нийгмийн сүлжээний ойлголт мөн тусгасан байна.
Судалгааны үр дүнгээр сурагчдын 79 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалтай тулгарч байгааг илэрхийлсэн бөгөөд үүний 33 хувь нь сургууль дээрээ хамгаалалт хангалтгүй гэж үзжээ.
