Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах шинэ түр байр ашиглалтад орлоо

2026-03-11 16:001min
20260311-160025-file.jpeg
Монгол Улсад анх удаа олон улсын жишгээр баригдсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах "ШИНЭСАРАН" түр байр ашиглалтад орж, 40 гаруй хохирогчийг хүлээн авах хүчин чадалтай боллоо.

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах шинэ байр албан ёсоор ашиглалтад орлоо. Монгол Улсад анх удаа олон улсын жишгээр баригдсан энэхүү түр байр нь гэмт хэргийн золиос болсон охины нэрээр “ШИНЭСАРАН” хэмээн нэрлэгдсэн бөгөөд ар гэрийнхний зөвшөөрлөөр ийнхүү нэрлэгдсэн байна.

“ШИНЭСАРАН” түр хамгаалах байр нь гэр бүлийн хүчирхийллээс ангид байх нийгмийн хариуцлага, ухамсрын дохио болон бэлгэ тэмдэг болж, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Энэхүү байр нь зөвхөн барилга байшин төдийгүй хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах иж бүрэн орчин нөхцлийг бүрдүүлдэг.

Тус байр нь Израилийн түр хамгаалах байрны загварыг баримтлан олон улсын стандартын дагуу байгуулагдсан бөгөөд нэг дор 40 гаруй хохирогчийг хүлээн авч хамгаалж, үйлчлэх хүчин чадалтай юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухаан зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Нярай хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө, тасалгаа бүхий орчин бүрдсэн байна.