Монгол иргэдийг эх оронд нь шууд авчрах тусгай нислэг Дубайгаас хөөрлөө

Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас тус бүс нутагт байгаа Монгол иргэдийг эх оронд нь шууд авчрах тусгай үүргийн нислэг Дубайгаас хөөрлөө. Нислэг 91 зорчигчтойгоор үйлдэгдэж, аюулгүй байдлыг АНЭУ-ын Засгийн газар хангасан байна.
Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шууд авчрах ажлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.
Энэхүү хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэг Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрлөө.
Нислэгийн аюулгүй байдлыг АНЭУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангаж, нийт 91 зорчигчтойгоор үйлдэгдэж байна.
Тус нислэг 04:45 цаг орчимд Монголд газардах төлөвтэй байна.
