Монгол Улс “Оюу Толгой” төслөөс ногдох өгөөжийг 60 хувиас дээш болгох шаардлага тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах үүднээс “Оюу Толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр илгээсэн захидалдаа “Оюу Толгой” төслийг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Үүний дагуу “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирж, менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар саналтай ирснээ Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” группийн санал учир дутагдалтай тул хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд “Оюу Толгой” төсөлд харилцан ашигтай байх зарчмыг 2009 оны байр суурин дээрээ баттай баримталж байгаагаа дахин нотолсон.
Ерөнхий сайд дараах шаардлагуудыг тавьж байгаагаа мэдэгдэв: “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, 2026 онд Монгол Улсад ногдол ашиг хуваарилах, “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан олон асуудлыг цэгцлэх цаг болсон бөгөөд баялагтаа эзэн байх зарчим нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг гэдгийг онцлов.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюу Толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
