Нийтийн тээврийн маршрутын самбарын автоматжуулалтын систем шинэчлэгдэж байна

Нийтийн тээврийн бодлогын газар “Дата дэүс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн чиглэлийн маршрутын самбарын автоматжуулалтын системийг шинэчилж, дуусах шатандаа оржээ. Энэхүү төсөл нь нийтийн тээврийн зогсоолуудад байрлах чиглэл, маршрутын мэдээллийг нэгдсэн стандарт, технологид суурилсан автоматжуулсан зураглалын системээр боловсруулж, автобусны зогсоолын самбарыг олон улсын стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох зорилготой юм.
Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн болон Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ажилтнууд “Дата дэүс” ХХК-ийн захирал Ж.Болор, төслийн менежертэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслийн ажлын явц, сайжруулах асуудлуудын талаар санал солилцсон байна.
Маршрутын самбарын зураглалыг автоматаар гаргадаг болсноор чиглэл болон зогсоолд гарч буй өөрчлөлтүүдийг хурдан тусгах, бүх зогсоол дээрх мэдээллийг нэгэн жигд стандартын дагуу боловсруулах зэрэг олон давуу тал бий болох юм.
