Насанд хүрээгүйд согтууруулах ундаа худалдсан хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчдад ял оноожээ

2025 оны дөрөвдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хороонд байрлах СU сүлжээний салбарт насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан гэх мэдээллийн дагуу эргүүлийн офицер Н.Мөнхсайхан, эргүүлийн цагдаа Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нар шалгалт хийжээ. Тэд 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундаа худалдсан зөрчлийг илрүүлэн, тус хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар худалдааны зөвлөхөд мэдэгдсэн байна.
Салбарын үйл ажиллагааг хариуцдаг А.Мөнхбаяр нь тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх, зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байх зорилгоор дээрх цагдаад 2.5 сая төгрөгийн хахууль өгчээ. Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр, Н.Мөнхсайхан нар уг мөнгийг хуваан авсан байна.
АТГ нь А.Мөнхбаярыг хахууль өгөх гэмт хэрэгт шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх цагдаагийн гурван албан хаагчийг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Шүүхээс Б.Хаш-Эрдэнэ, Э.Эрхэмбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сар хорих ял оноосон бол Н.Мөнхсайхан 2 жил 3 сарын хугацаагаар эрхийг хасуулж, 1 жил 1 сар хоригджээ. Харин А.Мөнхбаярыг хахууль өгсөн гэмт хэрэгт буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сар хасаж, 10 сар хорих ял оноосон байна.
А.Мөнхбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны гуравдугаар сарын 6-нд хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
