2024 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-03-09 10:301min
20260309-103031-file.jpeg
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын цаг агаарын дундаж температур болон хур тунадааны урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацааны урьдчилсан цаг агаарын төлөвийг гаргажээ.

Агаарын дундаж температурын хувьд дөрөв, тав, зургаадугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадааны хувьд дөрөвдүгээр сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Тавдугаар сард зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджаар байх бол зургаадугаар сард нийт нутгаар дунджаар хур тунадас орох төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтамж ихсэх магадлал өндөр байна. Мөн огцом дулааралтаас шалтгаалан хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Тавдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорно хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Зургаадугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нийт нутгаар дунджаар байх төлөвтэй байна.