Монголын эмэгтэй цэргийн алба хаагчдад бригадын генерал Г.Болорын мэндчилгээ

2026-03-08 14:301min
20260308-143035-file.jpeg
Монгол Улсаас НҮБ-д суугаа бригадын генерал Г.Болор "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн баярын мэндчилгээг цэргийн алба хаагч эмэгтэйчүүдэд хүргэв. Тэрбээр эмэгтэйчүүдийн цэргийн салбарт оруулж буй хувь нэмрийг онцолж, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих төрийн бодлогыг тэмдэглэлээ.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндчилгээг АНУ-аас хүргэв.

Тэрбээр цэргийн алба хаагч эмэгтэйчүүдэд хандаж, хүн төрөлхтний түүхэнд эх орноо хамгаалах үүргийг зөвхөн эрчүүд хариуцдаг байсан ч өнөөдөр дэлхийн олон оронд цэргийн алба хаагчдын 10-15 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, батлан хамгаалах салбарт оролцоо, манлайллаа нэмэгдүүлж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж буй эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужил, манлайллыг үнэлэн, тэдний оролцоо, тэгш эрхийг бататгах нь бахархалтай хэмээн онцлов.

Жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төрийн бодлого, дэмжлэгийн үр дүнд эмэгтэй алба хаагчдын оролцоо тактикийн түвшнээс удирдлагын түвшинд хүртэл өргөжиж байгааг тэмдэглэв.

Эцэст нь эх оронч бүсгүйчүүдэд эрүүл энх, ажил үйлсийн өндөр амжилт, аз жаргал хүсэн ерөөв.