“Өргөө” амаржих газарт эхо аппаратын санхүүжилтийг шийдвэрлэв

2026-03-08 16:001min
20260308-160019-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, орчин үеийн эхо оношилгооны аппаратыг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт ажиллалаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өглөөний 11:00 цагийн байдлаар тус амаржих газарт 8 эх амаржсан байна. “Өргөө” амаржих газар нь нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дунджаар 15-35 эхийг хүлээн авдаг аж.

Эмнэлгийн удирдлагууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад орчин үеийн эхо оношилгооны аппарат шаардлагатай байгааг онцлов.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппаратыг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр болсныг мэдэгдэв.

Мөн тэрбээр Монгол Улсын хүн ам 20 жилийн хугацаанд нэг саяар өсөх төлөвтэй байгаа нь эрүүл мэндийн салбарын хамт олон, эмч нарын ур чадвар, зүтгэлийг улам чухал болгож байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн байна.