Ухаалаг камерын систем зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

2026-03-07 19:301min
20260307-193023-file.jpeg
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж, гэрлэн дохионы зохицуулалтыг оновчтой болгож байна. Энэ нь хөдөлгөөний жигд зохицуулалт, ажлын ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлж байна.

2026 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн байдлаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хяналтын камерт зам тээврийн найман осол, саад бүртгэгдсэн байна. Эдгээр осол, саадууд нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан зохиомол түгжрэл үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна. Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж, зохицуулалт хийж ажиллаж байгаа ажээ.

Жолооч нарт жолооны ард суусан үедээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Ухаалаг камерын системийг нэвтрүүлснээр гэрлэн дохионы зохицуулалтыг илүү оновчтой болгож, замын хөдөлгөөнийг жигд, тэнцвэртэй зохион байгуулах боломж бүрдсэн байна. Систем нь авто замын хөдөлгөөний эрчмийг бодит цагийн горимд тоолж, тээврийн хэрэгслийн урсгал, чиглэлийг нарийвчлан тодорхойлж, зөрчил гаргасан автомашиныг илрүүлэн хяналт тавих нөхцлийг бүрдүүлжээ.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн мэдээлснээр энэхүү шийдлийн үр дүнд зохицуулалттай уулзвар, гарцын гэрлэн дохионы тохиргоог илүү нарийвчлалтай хийж, гараар удирдах шаардлагыг 50 хувиар бууруулсан байна. Ингэснээр нэг албан хаагчид ногдох ажлын ачаалал багасч, замын хөдөлгөөн илүү жигд зохицуулагдах болсон.

Өмнө нь өдөрт дунджаар 50 уулзварын гэрлэн дохиог 4500-4800 удаа удирддаг байсан бол одоо 93 уулзварын гэрлэн дохиог ижил давтамжаар удирдаж, илүү өргөн хүрээнд үр ашигтай зохион байгуулж байна.