Улаанбаатарт 2024 онд 52 км авто зам шинээр барина

Улаанбаатар хотод 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 52 километр авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр, есөн дүүргийн авто замын арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх юм.
Авто замыг шинэчлэн засварлах бэлтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс хангаж, засварын ажил тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвлөжээ. Энэ зуны турш 52 километр авто зам шинээр баригдах бөгөөд үүнд Туулын хурдны замын барилгын бэлтгэл ажил багтаж байна.
Туулын хурдны замын бэлтгэл ажлын хүрээнд гуравдугаар сарын 15-наас түр замын барилга угсралт, дам нуруу цутгах ажил эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс хөрс хуулалтын ажил эхэлнэ. Эхний ээлжид Сонсголонгийн гүүрнээс баруун тийш таван километр авто замын болон трассын дагуух түр замын ажлууд зэрэг эхэлнэ. Ажилчдын кэмпийг байгуулах асуудал шийдэгдсэн бөгөөд барилгын бэлтгэл ажил 90 гаруй хувьд хүрсэн байна.
Мөн Эмээлт эко паркийн хажуугаар дөрвөн эгнээтэй, 12.5 километр авто зам барихаар төлөвлөжээ. Энэ зам нь Өлзийт хорооллоос Сонгинохайрхан уулын баруун талаар Эмээлт хүртэл үргэлжлэх юм.
Таван байршлын авто замыг засварлах ажлыг зохион байгуулах бөгөөд үүнд Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ, 3.5 километр авто зам, Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх 4.6 километр авто зам, Санзайн 1.7 километр авто зам, Сэлх болон Монелийн авто зам орж байна.
Бэлх, Сэлхийн авто замын засварын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан бөгөөд удахгүй Энхтайвны өргөн чөлөө дэх Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх болон Монелийн авто замын засварын тендерийг зарлахаар бэлтгэж байна.
ТЭЦ-4-ийн дулаан таслалтын хуваарьт нийцүүлэн Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажлыг тавдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Энэ гудамжны бусад хэсгийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажил дууссан бөгөөд 1.2 километр авто замын гэрэлтүүлэг, явган хүний замыг наймдугаар сарын 1-нээс өмнө барьж дуусгахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнд Өнөр хорооллын арын дөрвөн эгнээ авто зам барих ажил багтаж байна. Уг авто зам нь дугуйн болон явган хүний хөдөлгөөн ихтэй байршлуудад гүүрэн байгууламжтай байх юм. Мөн Геологийн төв лабораториос Баянхошууны Жанцангийн уулзвар хүртэлх 100 гаруй километр авто замын засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөжээ.
2024-2025 онд нийслэл хотод 86 байршлын 233 километр авто замыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн оны авто зам засварын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн байна.
